"2026 Умард зүгт нээлттэй байх гүүрэн гарцын Тинк-танк форум”-ыг Хөх хотод зохион байгууллаа.

БНХАУ-ын ӨМӨЗО Ардын Засгийн газар, ӨМӨЗО-ны Гадаад харилцааны алба, Нийгмийн шинжлэх ухааны академи хамтран энэ оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “2026 Умард зүгт нээлттэй байх гүүрэн гарцын Тинк-танк форум”-ыг Хөх хотод зохион байгууллаа.
 
Тус Форумд ОХУ, Монгол Улс, Беларусь, Казахстан, Узбекистан зэрэг улс орнуудын төлөөлөл, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын бусад муж, өөртөө засах орон, хотуудын Нийгмийн шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, судалгааны болон тинк-танк байгууллагуудын 100 гаруй удирдлага, зочид, эрдэмтэн судлаачид оролцсон юм. 
 
Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийн хэсэгт БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос, Зүүн Европ, Төв Азийн судалгааны хүрээлэнгийн Оросын эдийн засгийн судалгааны хэлтсийн дарга, судлаач Сюй Полин, ОХУ-ын Сибирийн холбооны их сургууль болон Красноярскийн Улсын Багшийн их сургуулийн профессор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн судлаач Дацишин Владимир, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагч Дамдинсүрэнгийн Отгонсүрэн, Төвийн Үндэстний их сургуулийн Үндэстэн судлал, социологийн сургуулийн профессор У Чү Кэ, Беларусийн Үндэсний их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн Хятадын цогц хөгжлийн судалгааны тэнхимийн эрхлэгч Е Синь Руслан, Казахстаны Аль-Фараби нэрэмжит Казахын Үндэсний их сургуулийн Хятад судлалын тэнхимийн эрхлэгч Оразаккызы Фарида нарын зургаан эрдэмтэн, судлаач илтгэл тавив.
Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагч Д. Отгонсүрэн үндсэн илтгэгчээр оролцож Монгол Улсын эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, тэр дундаа Налуу-Ухаа, Агро-Сити ЭЗТБ-ийн хөгжлийн чиглэл, Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридор болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаатай уялдуулах боломжийг танилцуулсан өндөр ач холбогдолтой хэлэлцүүлэг болов.
Форумын үеэр чөлөөт худалдааны туршилтын бүс, эдийн засгийн тусгай бүс, хил дамнасан худалдаа, тээвэр логистик, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр оролцогчид санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Форум амжилттай зохион байгуулагдсанаар Хятад (ӨМӨЗО)-ын Чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалт болон умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарцын хөгжлийг дэмжих чиглэлээр харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд оролцогч талууд цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Бүс ба Зам” санаачилга, Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулахад судалгаа, бодлогын зөвлөмжөөр хувь нэмэр оруулах талаар байр сууриа илэрхийллээ.